Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2025 онд шинээр ажилд орсон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад зориулсан “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.
Тус сургалтаар байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ажлын онцлог, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна.
Сургалтын эхэнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагаа, зохион байгуулалт, ажил мэргэжлийн онцлог, дүрэм журам, үүрэг хариуцлагыг шинэ ажилтнууддаа таниулах нь хамгийн чухал асуудал.
Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг үндэсний төвийн хувьд ачаалал ихтэй ч эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань урлаг спортын авъяас чадвар, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, шинэ санаачлага, эерэг хандлагаар салбартаа төдийгүй нийгэмд танигдсан манлайлагч хамт олон юм.
Тиймээс энэ байгууллагын эд эс, хөдөлгөгч хүч болсон ажилтан бүр эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг эрхэмлэж “Би” биш “Бид” төвтэй баг, хамт олон болж ажиллах нь зүйтэй. Зөвхөн нэг ажилтны харилцаа хандлага, үйл ажиллагааны доголдол, ёс зүйн зөрчлөөс үүдэн хамт олны хичээл зүтгэл талаар өнгөрөх эрсдэлтэй байдаг.
Энэ байгууллагаар овоглож буй ажилтан бүрт хувь хүний болон ажлын байрны соёл төлөвшил, үүрэг хариуцлага, мэдлэг туршлага, харилцаа хандлага буй учир нэгэн зорилгын төлөө нэгдэж ажиллавал бидэнд ачаалал, бэрхшээл тийм ч том асуудал биш.
Хүн амын эрүүл энхийн төлөөх эрхэм үйлсэд хүчин зүтгэж, энэ том хамт олны нэгэн хэсэг болж байгаа шинэ ажилтан та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье. Итгэлийг зүтгэлээр хариулж, эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Энэхүү чиглүүлэх сургалтанд нийт 53 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч хамрагдсан бөгөөд:
▪️ Хуулийн зөвлөх Б.Билгүүн “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ”,
▪️ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны чанарын менежер Ц.Эрдэнэсайхан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар”,
▪️ Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар”,
▪️ Халдварын хяналт, сэргийлэлтийн албаны тархвар судлаач Т.Баасанжаргал “Эрүүл мэндийн ажилтны баримтлах халдвар хамгааллын дэглэм”,
▪️ Хүний нөөцийн албаны дарга А.Цэрэндолгор “Байгууллагын бүтэц, хүний нөөц, хөдөлмөрийн дотоод журам” сэдвээр сургалт хийлээ.
Түүнчлэн эцэг эх, гэр бүлийн харилцааны тухай илтгэл, лекцээрээ олонд танигдсан лектор Г.Бандицэрэн буюу Чила “Эерэг хандлагын ач холбогдол” сэдвээр стресс менежментийн сургалт хийж, эмнэлгийн ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.










Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn