Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ зориулсан талархлын угталт, шагналын арга хэмжээ, баярын хурлыг зохион байгууллаа.
Төв болон салбар эмнэлэгт өрнөсөн энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, салбар эмнэлгийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нар оролцсон юм.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Сувилахуйн тусламж үйлчилгээг шинэ түвшинд хүртэл хөгжүүлэхийн төлөө өөрсдийн хөдөлмөр зүтгэлийг зориулж, мэргэжлийн үнэ цэнэ, чадвар бахархлыг таниулан, үлгэр дуурайлал болж яваа сувилагч та бүхэндээ өнөөдөр БАЯРЛАЛАА гэж хэлэх өдөр.
Сувилна гэдэг нь энэрнэ гэсэнтэй утга нэгэн үг. Тиймээс эрүүл мэндийн салбарынхаа тулгуур баганын нэг гэгдэж, ард иргэдээ энэрч сувилж яваа та бүхний маань хувьд энэ өдөр ажил мэргэжлийн онцлогоороо бахархаж, хамт олондоо хүндлэгдэх эрхэм нэгэн баяр юм шүү” хэмээн дурьдаж, сувилахуйн нийт мэргэжилтнүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.