Эрүүл мэндийн яамны “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” үйл ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.
Нийслэлийн төв талбайд ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний баг бүрэлдэхүүн бүхий тус өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, зөвлөгөө зөвлөмж, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, танилцуулга мэдээллийг хүргэсэн байна.
Тухайлбал:
Эцэг эх, хүүхэд, олон нийтэд болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг танилцуулах, мэдээлэл өгөх;
Осол гэмтэл, нэн ялангуяа авто ослын үед иргэдэд анхны тусламж хэрхэн зөв үзүүлэх /практик/ сургалт хийх;
Суудлын бүс, хамгаалалтын малгай, хүүхдийн суудлын ач холбогдол, зөв хэрэглээг нэвтрүүлэх;
Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах зэрэг эрүүл мэндийн боловсрол олгох танилцуулга, мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.
Түүнчлэн нурууны мэс засал, яс үений эмгэг, мөчдийн хугарал зэрэг гэмтлийн болон сэргээн засах эмчийн үзлэг, зөвлөгөөнөөс гадна хавтгай тавхайг аппаратаар оношлох, биеийн жингийн индекс (дотор, гадна өөхлөлт, булчингийн масс, биологийн нас, бодисын солилцоо, ясны үзүүлэлт) тооцох зэрэгт нийт 450 хүнийг хамруулжээ.