• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XXV ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО...

    “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XXV ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн албанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулсан “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXV хурлыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. 
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний ээлжит хурлын нээлтэд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж нар оролцсон бөгөөд шүүгчээр ГССҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор, Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга С.Баатаржав, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалын тэнхимийн дэд профессор, Сувилахуйн ухааны доктор Г.Хулан, ОУ-ын “Улаанбаатар” их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Сувилахуйн ухааны доктор Д.Дуламсүрэн нар ажиллалаа. 
    Тус эрдэм шинжилгээний хуралд сувилагч, тусгай мэргэжилтний ирүүлсэн нийт 23 судалгаа, илтгэлээс 13 аман илтгэл, 10 ханан илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулсан юм. 

    ШИЛДЭГ ИЛТГЭЛ
    ТЭРГҮҮН БАЙР: “Тохойн бүтэн үе солих мэс заслын дараах хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнг судлах нь” сэдвээр Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч Б.Эрдэмбаяр (1.500.000 төгрөг, гарын бэлэг), 
    ХОЁРДУГААР БАЙР:  “Мөрний үенд PRP тарилга хийхэд сувилагчийн оролцоо ба үр дүнгийн үнэлгээ” Гар сарвууны мэс заслын тасгийн ахлах сувилагч Б.Бурмаа (1.200.000 төгрөг, гарын бэлэг), 
    ГУРАВДУГААР БАЙР: “Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн унах эрсдэлийг судлах нь” сэдвээр Сувилахуйн албаны арга зүйч М.Цэрэнпүрэв (1.000.000 төгрөг, гарын бэлэг)

    ХАНАН ИЛТГЭЛ
    ТУСГАЙ БАЙР: “Ээлжээр ажилладаг сувилагчдын кофейн хэрэглээ ажлын бүтээмжид нөлөөлөхийг судлах нь” сэдвээр Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Э.Мөнгөнзаяа (800.000 төгрөг, гарын бэлэг), 
    ТУСГАЙ БАЙР: “Тохойн үений хугарлын дараах эрт үеийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнг судлах нь” сэдвээр Сэргээн засах эмчилгээний тасгийн ахлах хөдөлгөөн засалч Х.Цэдэн-Иш (800.000 төгрөг, гарын бэлэг) нар шалгарч, эрдмийн шагналаа гардаж авлаа.  
    “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXV хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан ГССҮТ-ийн Захиргаа болон нийт тасаг алба, “Монос трейд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэг