Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өдгөө 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Эх үрсийн баярын өдөрлөг” өнөөдөр боллоо.
Тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд 4-7, 8-13, 14-17 насны ангилалд “Осол гэмтлийн талаарх хүүхэд бидний ойлголт” сэдэвт Reel буюу богино дүрс бичлэгийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд энэ өдөр шилдэг бүтээлийн эздэд шагналыг нь гардуулж өгсөн юм.
Тухайлбал, богино дүрс бичлэгийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрт “ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны зүгээс гарын бэлэг өгсөн бол, ГССҮТ-ийн захиргаанаас насны ангилал бүрт 1, 2, 3 болон тусгай байрын бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
Мөн энэ онд Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан, тус төвийн есөн ээжид уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэн ГССҮТ-ийн удирдлагууд баяр хүргэж, дурсгалын бэлэг гардуулсан юм.
Хүүхэд бүхэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргалтай байг.
ЭХ ХҮҮХЭД - БИДНИЙ ИРЭЭДҮЙ







