Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон БНХАУ-ын Бээжин хотын “Юникейр” эмнэлгийн төлөөлөгчид албан уулзалт зохион байгуулж, хоёр байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтад хоёр байгууллагын удирдлага, Нурууны мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд оролцож гэмтэл согог, тэр дундаа нурууны мэс заслын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд нурууны мэс заслын чиглэлээр эмнэлзүйн болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, туршлага солилцох ажлыг тогтмол хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн хүндрэлтэй болон ховор тохиолдлын өвчтөнүүдэд хамтарсан үзлэг, оношилгоо хийх, шаардлагатай тохиолдолд хамтарсан мэс засал хийх, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь ГССҮТ-ийн нуруу нугасны тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх, олон улсын түвшний дэвшилтэт технологи, туршлагыг нутагшуулах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

