Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Нарны шаргал тусгал” төрийн бус байгууллагатай хамтран эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан соёл, ёс зүй, хууль эрх зүй, хөгжлийн цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ.
Энэ хүрээнд өнгөрөгч баасан гарагт нийт эмч нарыг хамруулсан “Байгууллагын соёл” сэдэвт чөлөөт сургалт хийж, хувь хүний болон байгууллага, хамт олны хөгжлийн үндэс суурь, хандлага төлөвшил, эерэг ба сөрөг ойлголтын ялгаа, харилцааны уялдаа холбоо, мэргэжлийн өсөлт дэвшил зэрэг олон талын мэдээллийг хүргэлээ.
Тус сургалтыг “Нарны шаргал тусгал” ТББ-ын сургагч багш А.Амаржаргал удирдан явуулсан бөгөөд байгууллагын соёлыг бий болгоход ажилтан бүрийн үүрэг оролцоо, бүтээлч хандлага, манлайлах урам зоригоос гадна “Би” биш “Бид” төвтэй баг, хамт олон байхын төлөөх хүсэл эрмэлзэл ямар чухал болохыг ойлгуулж, сонирхолтой жишээн дээр тайлбарласан байна.
Түүнчлэн эерэг хандлагатай бүтээлч ажилтнуудын хүрээллийг тэлэх, тэднийг соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, байнгын идэвхижүүлэлт хийх нь байгууллагын соёлыг бэхжүүлэх шалгарсан арга гэдгийг энэхүү сургалтаараа онцолсон юм.


