• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • БНСУ-ЫН ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАНГАНГ СОНШИМ ЭМНЭЛЭГ, СОЛОНГОСЫН ТҮЛЭНХИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ГССҮТӨВИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД САЛБАР ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА...

    БНСУ-ЫН ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАНГАНГ СОНШИМ ЭМНЭЛЭГ, СОЛОНГОСЫН ТҮЛЭНХИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ГССҮТӨВИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД САЛБАР ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА...

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Халлим их сургуулийн Ханганг Соншим эмнэлгийн дарга, Солонгосын түлэнхийн нийгэмлэгийн тэргүүн, Түлэнхийн сангийн захирал Хо Жүн тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдийн баг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлэгт ажиллаж, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж хамтран ажиллалаа.
    Тус айлчлалын хүрээнд 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд түлэгдэлтийн дараах сорвижилт, сорвиноос үүдэлтэй үйл ажиллагааны болон гоо сайхны өөрчлөлттэй өвчтөнүүдэд үзлэг, зөвлөгөө хийж, шаардлагатай эмчилгээний тактикийг хамтран тодорхойлов.
    Ажиллах хугацаандаа түлэгдэлтийн шалтгаан, эмнэлзүйн оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга аргачлал, мэс заслын эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ болон түлэгдэлтийн дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хамарсан “Түлэгдэлтийг тойрсон асуудлууд” сэдэвт 2 кредитийн сургалтыг ГССҮТөвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
    Сургалтын үеэр БНСУ-ын түлэнхийн тусламж үйлчилгээний туршлага, түлэгдэлтийн үеийн эмчилгээний тактик, нөхөн сэргээх мэс заслын орчин үеийн арга технологийн талаар мэдээлэл, туршлага солилцож, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
    Мөн эмнэлзүйн тусламж үйлчилгээний хүрээнд нэн шаардлагатай мэс заслын эмчилгээ авах шаардлагатай байсан 4 хүүхдэд нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний дараах хяналт, цаашдын нөхөн сэргээх эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
    Түүнчлэн хамтын ажиллагааны хугацаанд амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, түлэгдэлтийн дараах сорвижилт болон нөхөн сэргээх эмчилгээ нэн шаардлагатай 30 өвчтөнд үзлэг, зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгсөн бөгөөд эрчимт эмчилгээний тасагт хүнд түлэгдэлттэй өвчтөнүүдийн эмчилгээ, менежментийн талаар БНСУ-ын мэргэжилтнүүдтэй эмнэл зүйн тохиолдолд тулгуурласан санал, туршлага солилцлоо.
    Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад түлэгдэлтийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх болон пластик мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд тасралтгүй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
    ГССҮТ-ийн Салбар эмнэлэг, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг болон БНСУ-ын Халлим Түлэнхийн Сангийн хамтын ажиллагаа нь түлэгдэлтийн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг нутагшуулах, мэргэжилтнүүдийн туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр цаашид үргэлжлэх юм.