“ЭРҮҮЛ МЭНД-ЭМЧ БИДНЭЭС-ИРГЭН ТАНААС” АЯНЫ ХҮРЭЭНД “ӨНӨР БҮЛ” ХҮҮХДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА...

“ЭРҮҮЛ МЭНД-ЭМЧ БИДНЭЭС-ИРГЭН ТАНААС” АЯНЫ ХҮРЭЭНД “ӨНӨР БҮЛ” ХҮҮХДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА...

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 03 дугаар сарын 30-ны өдөр тохиож буй “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох чиглэлээр олон талт ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Энэ дагуу 03 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийлээ.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд витамин Д болон гарын бэлэг хүргэсэн бөгөөд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулах, хэвтүүлэн эмчлэх, мэс засалд оруулахаар болсон байна.

Тус аянаар дамжуулан цаашид улсын асрамжинд байгаа зорилтот бүлгийн олон хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Б.Батзоригоор ахлуулсан 25 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.