Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс салбар эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд тус салбар эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн онцлох дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас гадна гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж буй Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа.
Түүнчлэн энэ өдөр осол гэмтлийн яаралтай тусламж, үений эмгэг, дурангийн мэс засал, спортын бүх төрлийн эмгэг, доод мөчдийн гэмтэл согог, ясны эмгэг судлал, ясны хавдар, нөхөн сэргээх мэс засал (гар сарвуу), түлэгдэлт, сэргээн засах эмчилгээ, чих хамар хоолойн үзлэг ба ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс тодорхойлох үйл ажиллагаанд нийт 250 гаруй иргэд үйлчлүүлэгч хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авчээ.
Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ-ийн салбар эмнэлгийн шинэ барилга өнгөрсөн тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжин тэлсээр байна.
Ялангуяа төв эмнэлэгт өдөрт 400-550 гаруй үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ачаалал ихтэй цагуудад үйлчлүүлж байгаа иргэд оочер дараалал урт, тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл ихээхэн үүсдэг байна.
Иймд осол гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг тус салбар эмнэлэгт ч мөн 24 цагаар зохион байгуулснаар төвлөрөл саарч, зөвхөн төв эмнэлэгт үзүүлэх гэсэн оочер дараалал үүсэхгүй, хүлээгдэл чирэгдэл нэмэгдэхгүй, автозамын түгжрэлд орж цаг алдахгүй, хаяг байршлын ялгаатай байдлаас үүдэн хугацаа алдалгүй, яаралтай тусламжийг шуурхай авах нөхцөл бүрдэх юм.
Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, улмаар төвийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдийн дийлэнх хувь нь гар сарвуу, доод мөчдийн хугарал, өвдөг мөрний үений гэмтэл, ясны эмгэг согог, дурангийн мэс заслын үзлэг оношлогоонд хамрагдсан бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувьд хамгийн сүүлийн үеийн 64 зүслэгтэй компьютер томографи, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.