• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “БИ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ХҮҮХЭД” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГИЙГ ШАЛГАРУУЛЖ, ОДОНТОЙ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

    “БИ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ХҮҮХЭД” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГИЙГ ШАЛГАРУУЛЖ, ОДОНТОЙ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өдгөө ес дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Жаргалтай эх үрс” баярын өдөрлөг амжилттай боллоо. 
    Энэхүү өдөрлөг нь төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний хүүхдүүдийг баярлуулах, “Би эмнэлгийн ажилтны хүүхэд” гар зургийн уралдааныг дүгнэн шагнаж урамшуулах, энэ онд шинээр “Алдарт эх” одон гардсан ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх зэрэг гурван төрлийн үйл ажиллагаанаас бүрдсэн юм. 
    Тухайлбал, тус төвөөс “МСЭЛ” ХХК-тай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтний хүүхдүүдэд бэлэг гардуулах үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулж, нийт 200 хүүхдийг баярлууллаа. 
    Мөн энэ өдөр “Монголын автомастеруудын холбоо”-ноос 25 хүүхдэд гарын бэлэг гардуулсан бол, “Хас” банкны 3, 4 дүгээр хорооллын эцсийн “И Март” салбараас 0-2 насны 20 хүүхдэд “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламж нээлгэх 50.000 төгрөгийн эрхийн бичгийг бэлэг болгон өгсөн байна. 
    Түүнчлэн жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж ирсэн гар зургийн уралдааныг төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд “Би эмнэлгийн ажилтны хүүхэд” сэдвээр зургаа дахь жилдээ зохион байгуулсан юм. 
    Гар зургийн уралдааны 4-6, 7-9, 10-12 насны ангилалд бүтээлээ ирүүлсэн 32 хүүхдэд ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс гарын бэлэг өгсөн бол, төвийн Захиргаанаас насны ангилал бүрт 1, 2, 3 дугаар байрын бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.  
    Мөн энэ онд “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан 27 ээжид хүндэтгэл үзүүлэн, дурсгалын бэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд багачуудын урлагийн тоглолтоор баярын өдөрлөгөө хөгжөөсөн юм.   
    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтсан “Жаргалтай эх үрс” баярын үйл ажиллагааг дэмжиж ивээн тэтгэсэн "МСЭЛ" ХХК, “Витсамо” ХХК, “Монголын автомастеруудын холбоо” болон ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамт олондоо цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье.