• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГЭМТЛИЙН ДАРААХ СЭТГЭЛ ЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНД, ГОО ЗАСЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХҮРГЭЛЭЭ...

    ГЭМТЛИЙН ДАРААХ СЭТГЭЛ ЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНД, ГОО ЗАСЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХҮРГЭЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс улирал тутам зохион байгуулдаг ээлжит “Дэмжих бүлгийн уулзалт” амжилттай боллоо. 
    Энэ удаагийн уулзалтад чих, хамар, гар сарвууны төрөлхийн эмгэгтэй болон мөч тайрагдах мэс засал эмчилгээнд орсон үйлчлүүлэгч нарт гоо зүйн талаас бүрэн бүтэн харагдаж болохуйц протезийг хэрхэн хийлгэх, хэрэглэх заавар зөвлөмжөөс гадна мэс заслын дараах хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга, сэтгэл зүйн дасан зохицох үйл явц, сэтгэл гутрал буюу тохиолдож болох эмгэг мэдрэмжүүдийн талаар эмч, мэргэжилтнүүд чөлөөт ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.
    Осол гэмтэл болон бусад идээт шархны дараа мөч тайрагдах мэс засалд орж буй үйлчлүүлэгчдэд мэс заслын өмнө болон дараа үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулж буй билээ.


    Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэл зүйн асуудал хувь хүн бүрт хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдэг тул үйлчлүүлэгчийн эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, өдөр тутмын зан үйл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын зөвлөгөө, мэдээлэл бүхий сэтгэл заслын тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэлзүйч А.Пүрэвцэрэн “Дэмжих бүлгийн уулзалт”-ыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна. 


    Тиймээс ээлжит “Дэмжих бүлгийн уулзалт”-аар ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч Г.Түвшинзаяа, салбар эмнэлгийн сэтгэл зүйч Л.Мягмарсүрэн, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Х.Балжинням, "Сити" их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн ахлах багш, тусгай эффектийн нүүр хувиргагч, prosthetic make up artist Г.Хос-Эрдэнэ, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын 4 дүгээр дамжааны оюутан Б.Эрдэнэбат нар оролцож эрүүл мэнд, гоо зүй, сэтгэл заслын чиглэлээр мэдээлэл зөвлөмж өглөө.