• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙНХӨН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

    ГССҮТ-ИЙНХӨН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас 2024 онд гавьяаны амралтаа авсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. 
    Эрүүл мэндийн салбар, тэр дундаа гэмтэл согогийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөөх эрхэм үйлсэд олон жилийн хөдөлмөр, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан ахмад ажилтнууд болох эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч нар маань энэ өдөр хуран чуулж, хамт олонтойгоо халуун дотноор уулзацгаасан юм.  
    Тус арга хэмжээг нээж, төвийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал, ахлах зэргийн эмч  Л.Дагвадорж хэлсэн үгэндээ “Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн хүч хөдөлмөр, амжилт бүтээлээ зориулж ирсэн та бүхний маань үлгэрлэн манлайлж, зааж сургасан эрдэм мэдлэг, эрхэм зорилгыг хойч үе, залгамж халаа нь болж яваа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд нэр төртэйгээр түүчээлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ энх тунх, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо. 
    Энэ хүрээнд нийт 31 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, хүндэтгэлийн зоогт урьсан бөгөөд төвийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Болдбаатар, ААИТА-ны дарга Ц.Лхагвасүрэн болон тасаг албадын төлөөлөл оролцсон байна. 
    ГССҮТ-ийн хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэж, ажил амьдралынхаа олон сайхан дурсамж, амжилт бүтээлийг энэ л төвтэйгээ холбосон ахмад ажилтан та бүхэндээ урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.