Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор “Эрүүл хүүхэд-Эх орны ирээдүй” эрүүл мэндийн үйл ажиллагааг зохион байгуулллаа.
Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн ажилтан, албан хаагчдын 6–18 насны хүүхдүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, иж бүрэн шинжилгээ оношилгоонд хамруулсан байна.
Энэ хүрээнд бага, дунд болон өсвөр насны хүүхдүүдийн биеийн жингийн индекс, ясны сийрэгжилт тодорхойлохоос гадна хүүхдийн гэмтэл согог, хүзүү нуруу, шүд, чих хамар хоолой, арьс харшлын үзлэг, тавхайн нумны хөгжил, нурууны үе, дээд доод мөчний рентген оношилгоо, сэтгэл зүйн үзлэг зөвлөгөө, харшлын сорил, лабораторийн шинжилгээнд тулгуурласан хүүхдийн нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношилгоо хийлээ.
Байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсийг эрт шатанд илрүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд танин мэдэхүйн сургалт хийх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах юм.
ГССҮТ-өөс хүн ардын эрүүл энхийн төлөө ар гэр, ахуй амьдралаа хойш тавин цаг наргүй зүтгэж яваа эмнэлгийн ажилтнуудынхаа ирээдүй хойч үе, үр хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавих, нийгмийн баталгааг хангах хүрээнд зорилтот ажлуудыг тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй билээ.
“Эрүүл хүүхэд-Эх орны ирээдүй” эрүүл мэндийн үйл ажиллагаанд хамтран ажилласан Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв болон Nova Implant шүдний эмнэлэг, эмч нартаа талархал илэрхийлье.