• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЖ, ОДОНТОЙ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН “ЭХ ҮРСИЙН БАЯР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО...

    ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЖ, ОДОНТОЙ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН “ЭХ ҮРСИЙН БАЯР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийн дунд цагийг бүтээлчээр өнгөрөөх, үзэл бодлоо өнгө дүрсээр илэрхийлэх, дүрслэх урлагаар дамжуулан шинийг санаачлах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар зургийн уралдаан зохион байгуулж, энэ онд шинээр “Алдарт  эхийн одон”  авсан ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.
    Гар зургийн уралдааныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдал-Миний нүдээр” сэдвээр зохион байгуулж, 4-6, 7-9, 10-13 насны ангилал тус бүрт 1, 2, 3-р байрын бүтээлийг шалгаруулан өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм. 
    Түүнчлэн гар зургийн уралдаанд идэвхи санаачлагатай оролцож, бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрт ГССҮТ-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлээс гарын бэлэг өгч, баярыг нь хуваалцлаа.   
    Мөн энэ онд “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялааж буй тус төвийн ажилтан, 10 ээжид уламжлал ёсоор ГССҮТ-ийн удирдлагууд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, дурсгалын бэлэг гардуулсан юм. 
    Өдгөө тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Эх үрсийн баяр” өдөрлөгөөр дамжуулан хүүхэд багачуудынхаа авъяас чадварыг дэмжин урамшуулах, ажил амьдралынхаа амжилт бүтээлийг хослуулан авч яваа хүчирхэг ээжүүддээ хүндэтгэл үзүүлж, алдаршуулсан билээ.

    Хүүхэд бүхэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргалтай байг.
    ЭХ ХҮҮХЭД - БИДНИЙ ИРЭЭДҮЙ