Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д 39 ширхэг агч модыг тарилаа.
ЭМЯ-наас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ГССҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, УХТЭ, СЭМҮТ, ЭСҮТ, НЭМҮТ-ийн алба хаагчид нэгдэж, нийт гурван төрлийн мод суулган усалгаа хийсэн байна.
ГССҮТ-ийн хамт олон тус цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулсан монос болон агч моддыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу тогтмол усалж арчлах, нөхөн сэргээлт болон талбайн цэвэрлэгээ хийх зэргээр анхаарч ажиллаж буй юм.
Эрүүл мэндийн салбарынхан маань мод тарьж ургуулах ажилд хувь нэмэр оруулснаар байгаль орчноо хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад зохих нөлөө үзүүлэх төдийгүй ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ.