Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 02-ны өдөр Тайваний “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен болон дэд захирал Эн Мен, Гадаад харилцаа хариуцсан захирал Вэн Хуй Фан, Халдварт өвчин судлал, эрчимт эмчилгээний их эмч Лин Тэ Ю болон Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Ю, дэд консул Жан Чиун Шиа нарын баг бүрэлдэхүүн зочиллоо.
Энэ хүрээнд тус төвийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Тайваний “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен нар хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Хамтын ажиллагааны дагуу гэмтэл согогийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, чадавхижуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлэх, гэмтлийн хамтарсан сургалтын төв байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар боллоо.
ГССҮТ болон Тайваний “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагаа 2019 оноос эхтэй бөгөөд энэ хугацаанд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, харилцан солилцож ажиллуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг томоохон ажлуудыг өрнүүлж, нийт 27 эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулсан байна.
Мөн 2025 оноос тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг ГССҮТ-д зочин профессороор урьж, эмчилгээний дэвшилтэт арга технологиос суралцаж, мэдлэг туршлага солилцож байгаа аж.
Энэ удаагийн уулзалтын хүрээнд Тайванийн зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.