Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” аяныг өрнүүлж эхэллээ.
Аяны хүрээнд сургуулийн орчин дахь хүүхдийн осол гэмтлийг бууруулахад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, осолд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх сургалтыг практик орчинд буюу эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэхээр зорьсон байна.
Энэхүү аян нь ГССҮТ болон “СҮҮ” хувьцаат компанийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй томоохон ажлын эхлэл бөгөөд сургалтад оролцогч хүүхдүүдэд тус компаниас сүү, сүүн бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг өгч дэмжин ажиллалаа.
Практик сургалтаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэснээс гадна анхны тусламжийн цогц сургалт (муляж, гипс, чиг тавих, боолт хийх), хахах үеийн тусламж, осол гэмтлийн үед гар, мөр мултарсан тохиолдолд гар доорх материалаар хэрхэн чиг тавьж боох зэрэг хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээлэл зөвлөмжийг өгч, үе тэнгийнхэндээ дадлага хийх байдлаар мэдлэг олгосон байна.
“Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” аяны эхний сургалтад Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн дунд болон ахлах ангийн 250 хүүхэд хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан “СҮҮ” хувьцаат компанийн хамт олондоо талархал илэрхийлье.