• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО...

    “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО...

    Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны ололт, инноваци, дэвшилтэт техник технологийг сурталчлан таниулах, төр хувийн хэвшил төдийгүй олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой “Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэнийн нээлт өнөөдөр “Мишээл экспо” ОУҮХТ-д боллоо. 
    Энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд үргэлжлэх тус үзэсгэлэнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд мэс засал болон гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, эмчилгээний аргуудыг олон нийтэд танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна. 
    “Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 50 орчим байгууллагаас гадна БНСУ, БНХАУ-ын 17 компани, 30 гаруй орны эм, эмнэлгийн хэрэгслийн төлөөлөгчийн газар оролцож байгаа аж. 
    Өдгөө 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах боломжтой юм.