• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” ҮЗЭСГЭЛЭНД ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ОРОЛЦОЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДАА ТАНИЛЦУУЛЛАА...

    “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” ҮЗЭСГЭЛЭНД ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ОРОЛЦОЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДАА ТАНИЛЦУУЛЛАА...

    Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг сурталчлан таниулах, төр болон хувийн хэвшил, гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Эрүүл мэндийн технологи-2025” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “М банк” Арена төвд боллоо.
    Энэхүү 26 дахь удаагийн үзэсгэлэнг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Сая мөнх” ХХК-иас хамтран зохион байгуулж буй бөгөөд есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 
    Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлэхдээ “Монголын эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, олон улсын түвшний оношилгоо, эмчилгээний арга туршлага, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар жилээс жилд өргөжин тэлж, тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмж тэр хэрээр өсөн нэмэгдсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хувьд ч гадаад дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцож байгаад таатай байна” хэмээн онцоллоо. 
    “Эрүүл мэндийн технологи-2025” үзэсгэлэнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, сургалтын байгууллага, мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэгч, эм хангамж, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, олон улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудаас гадна  албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч нар хамрагдаж буй ажээ. 
    Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологио танилцуулж, хүүхэд болон насанд хүрэгсдийн гэмтэл согогийн үзлэг, үений ЭХО оношилгоо, тавхайн согог илрүүлэх аппаратаар оношилгоо хийж, зөвлөгөө мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэж байна.