Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2025-2027 онд төгсөлтийн дараах эмнэлзүйн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцах элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтыг энэ сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, АУ-ны доктор, профессор С.Баатаржав, АШУҮИС-ийн багш, Гэмтэл согогийн тэнхимийн эрхлэгч Л.Наранбат, АШУҮИС-ийн багш А.Эрдэнэбилэг нар оролцсон юм.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Та бүхэн маш хүнд салбарыг сонгож байгаа учраас сонголтоо эхлэлийн энэ цэг дээрээ сайн бодоорой. Сонголтондоо үнэнч байгаа бол та бүхэн маш сайн сурч, сайн эмч болох хэрэгтэй шүү. 1000 гаруй ажилтантай томоохон айлд 2 жилийн хугацаатай нэгдэж байгаа та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.
Мөн бид сургалт эрхлэх байгууллагын өгөгдсөн үүргийн хүрээнд та бүгдийг сургаж төлөвшүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана” хэмээн онцолж, нийт элсэгч нартаа амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа.
Түүнчлэн энэхүү сургалтаар байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн талаар тасаг, албадын эмч, мэргэжилтнүүд сургалт хийсэн байна.