Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны дагуу 2026 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хоёр сарын хугацаанд сайн дурын ажилтнууд тус төвийн Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасагт хөтөч, зөвлөн туслагчаар ажилласан билээ.
Энэхүү үйл ажиллагаа нь зуны улирал, тэр дундаа үндэсний их баяр наадам, тэмдэглэлт ойн өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тусалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
Тиймээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллаж буй “Eejii.org” сангаар дамжуулан иргэдийн хөл хөдөлгөөн их, ачаалал өндөр тасгуудад идэвхи зүтгэлтэй ажилласан сайн дурын ажилтнууддаа зориулан ГССҮТ-өөс өнөөдөр “БАЯРЛАЛАА” талархлын арга хэмжээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Батзориг, “Eejii.org” сангийн захирал Э.Должинсүрэн болон ГССҮТ-ийн Ниймгийн эрүүл мэндийн албаныхан оролцож, сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлэн сертификатыг нь гардуулж өгсөн байна.
Сайн дурын үйл ажиллагаанд нийт 60 хүүхэд бүртгүүлж оролцсон бөгөөд 20-иос дээш цаг ажиллаж, сертификатын болзол хангасан 44 хүүхэд байгаа юм.






Өрөөл бусдад болон өөрсдийн бүтээж буй нийгэмд үнэ цэнээ нийлүүлсэн хамгийн ТОМ зүрхтэн болох САЙН ДУРЫН АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА.
Өдөр бүр амьдралын сайхныг мэдэрч, хүн бүр эерэг байж ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.
Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn