• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ДУНД ШАТНЫ МЕНЕЖЕРҮҮД УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ, СОЁЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА...

    ГССҮТ-ИЙН ДУНД ШАТНЫ МЕНЕЖЕРҮҮД УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ, СОЁЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дунд шатны менежерүүд (дэд захирал, тасгийн эрхлэгч, албадын дарга, ахлах сувилагч, менежер, мэргэжилтэн)-эд зориулсан байгууллагын соёл, удирдлагын манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй болон тайлан төлөвлөгөө, мэргэжил арга зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа. 
    Тус сургалтыг ГССҮТ-ийн захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах нээсэн бөгөөд Салбар эмнэлгийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг тэргүүтэй тасаг албадын төлөөлөл бүхий нийт 84 хүн хамрагдсан байна. 
    Сургалтын эхэнд Удирдлагын академийн багш, Бизнесийн удирдлагын магистр, ахлах багш С.Мөнхнаран “Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон тайлан боловсруулах арга зүй” сэдвээр мэдээлэл хүргэсэн бөгөөд гүйцэтгэлийн удирдлагын үр дүн, зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалаас гадна эрүүл мэндийн байгууллагатай холбогдох асуудлын хүрээнд чухал зөвлөмжүүдийг өгсөн юм. 
    Мөн энэхүү сургалтаар Удирдлагын академийн багш, доктор (Ph.D), дэд профессор Ж.Алтайбаатар “Ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт ба ёс зүй төвтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь” сэдвээр дамжуулан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахих, эерэг хандлагатай бүтээлч ажилтнуудын хүрээллийг тэлэх, тэднийг соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тухай сонирхолтой мэдээлэл хүргэлээ. 
    Түүнчлэн “Удирдах ажилтны манлайлал байгууллагын соёлд нөлөөлөх нь” сэдвээр Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор М.Баянмөнх сургалт хийж, соёл нь тухайн байгууллагын амжилтын үндэс суурь болдог бөгөөд удирдах, удирдуулах ёсны зарчмыг ягштал баримталж, зөв харилцаа хандлагаар дамжуулан тогтвортой ажлын байр бий болгох чухал зорилтын талаар сургаж чадавхижуулсан юм.