• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ БНХАУ-ЫН ЖИАОТУН ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА “РЭНЖИ” ЭМНЭЛЭГТЭЙ ТАРХИНЫ ГЭМТЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА...

    ГССҮТ БНХАУ-ЫН ЖИАОТУН ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА “РЭНЖИ” ЭМНЭЛЭГТЭЙ ТАРХИНЫ ГЭМТЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон БНХАУ-ын Шанхай хотын Жиаотун их сургуулийн харъяа “Рэнжи” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Фэн Жүнфэн нар өнөөдөр тархины гэмтлийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 
    “Шанхайн загвар” төслийн хүрээнд мэдрэлийн мэс заслын яаралтай тусламжийн оношилгоо, эмчилгээний түвшинг ахиулах, мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг  арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээс гадна Монголд тогтвортой хэрэгжих боломжтой оношилгоо, эмчилгээний загварыг боловсруулахаар зорьж буй юм.
    Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгон ГССҮТ-д гавал тархины гэмтэл, тархины цус хуралтыг илрүүлэх түргэн оношилгооны төхөөрөмжийг бэлэглэлээ. 
    Түүнчлэн хоёр улсын эмч мэргэжилтнүүд мэдрэлийн мэс заслын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тархины гэмтлийн үеийн яаралтай оношилгоо, эмчилгээний цогц тусламжийн тогтолцооны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 
    Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, "Талын өртөө" холбооны төлөөлөл болон БНХАУ-ын Шанхайн Жиаотун их сургуулийн харъяа "Рэнжи" эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Фэн Жүнфэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд оролцлоо. 
    Мөн энэ үеэр "Рэнжи" эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах, оношилгоо эмчилгээний чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.