• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд нэгдэж, өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 30 төрлийн мод тарилаа. 
    Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тэргүүтэй эрүүл мэндийн салбарын хамт олон оролцсон юм.
    Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нээж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.9 сая модыг тарьж, ургуулаад байгааг онцолсон байна.
    ГССҮТ-ийн хамт олон тус цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулсан моддоо мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу жил бүр тогтмол усалж арчлах, нөхөн сэргээлт болон талбайн цэвэрлэгээ хийх зэргээр анхаарч ажиллаж байгаа юм. 
    Эрүүл мэндийн салбарынхан маань мод тарьж ургуулах ажилд хувь нэмэр оруулснаар байгаль орчноо хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад зохих нөлөө үзүүлэх төдийгүй ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ.

     

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn