• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН XXVIII ЭРДМИЙН ЧУУЛГАН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

    “ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН XXVIII ЭРДМИЙН ЧУУЛГАН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

    Тус чуулганыг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ) ерөнхий зохион байгуулагчаар, Монголын Гэмтэл Согог Эмч Мэргэжилтнүүдийн Холбоо (МГСЭМХ) болон Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) хамтран зохион байгуулсан юм.
    Чуулганд БНСУ, ОХУ, Герман зэрэг орны эрдэмтэн, профессор, судлаачид, мөн Улаанбаатар хот болон орон нутгийн 160 гаруй гэмтэл согог судлалын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаачид оролцож, олон улсын болон дотоодын туршлага, шинэ ололт амжилтаа хуваалцлаа. 
    Чуулганы үеэр:
    • Гадаадын зочин профессорын 6 илтгэл 
    • Дотоодын эмч, судлаачдын 19 илтгэл 
    • Ханын 11 илтгэл тус, тус хэлэлцэгдсэн бөгөөд нийт 79 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарлаа.
    Энэ жилийн чуулганы нэгэн онцлог нь илтгэл болон шилдэг номинацид нэр дэвшигчдийг шалгаруулах үйл явцыг ил тод, оролцоонд тулгуурласан байдлаар зохион байгуулсан явдал байлаа.
    Тодруулбал, шүүгчдийн болон хуралд оролцогчдын саналыг QR код ашиглан цахимаар авч, нэгтгэн дүгнэж, шилдэг илтгэл болон шилдэг номинацийн эзэдийг нээлттэй, ил тод байдлаар шалгаруулсан юм.
    Ийнхүү XXVIII эрдмийн чуулган нь гэмтэл согог судлалын салбарын олон улсын туршлага, шинэ дэвшилтэт арга технологийг хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үр дүнтэй эрдэм шинжилгээний хурал боллоо. 
    МЭС ЗАСЛЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:
    ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай “Гэмтлийн улмаас тасарсан эрхий хурууны нөхөн сэргээх мэс заслын ялгаатай аргууд”
    ДЭД БАЙР: ГССҮТ-ийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл “Хоёр шилбээний ясыг чөмөгний дотор түгжээт хадаас болон гадна бэхэлгээг хослуулан уртасгах мэс заслын үр дүн”
    МЭС ЗАСЛЫН БУС ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:
    ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн мэс заслын тасгийн их эмч И.Гантулга “Монгол Улсад тулгамдаж буй анагаахын эрүүгийн эрх зүйн асуудал”
    ХАНЫН ПОСТЕРИЙН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:
    ТЭРГҮҮН БАЙР: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог судлалын эмч Б.Ганхүрэл “Шууны түвшин дэх хам гэмтлийн үед нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээний “Орон нутаг дахь тохиолдлууд” 
    Н.ДАШИЙН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ: ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Б.Тэмүүжин
    ШИЛДЭГ СУДЛААЧ ЭМЧ: ГССҮТ-ийн ЭШСА-ны мэргэжилтэн А.Урангоо
    ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧ: Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасгийн их эмч  Ц.Жамъяангарав
    ШИЛДГИЙН ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ: ГССҮТ-ийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч С.Батсүх нар шалгарлаа.

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn